tolgoi

Saturday, December 19, 2015

Ууланд явах урамтай


Ууланд явахад бие, сэтгэл чармайна.
Уншиж судлахад ухаан бодол чармайна.

Хотын утаа, ханиад шуухинаа гэж дэмий ярихын оронд хажууд налайж байгаа Хан ууландаа долоо хоногт нэг удаа ч болов аялан явж чээжнийхээ утааг “хөөлж” байвал нэн тустайг өгүүлсэн юун.
Зайсангийн ам руу өгсөөд “Чингисийн өргөө” амралтын газрын хашаагаар дамжаад модон дундуур хүмүүсийн явдаг жимээр өгсөж, 3,6 км орчим яваад Богд уулын Зүүн ширээ хэмээх таг дээр гарч өглөөний нарыг угтахад хүний урам зориг яаж сэргэдгийг тэнд гарч үзсэн хүмүүс л мэднэ. Амралтын өдрүүдэд энэ жимээр хүүхэд, залуус, хөгшид өгсөн уруудан явж байна. Тэд энэ сайхныг мэдэрч байна.
              Ууланд явахад юу анхаарах вэ?
 Нэг. Хувцас. Шагай өнгөрсөн түрийтэй, арзгар ултай, ус амар нэвтрэхгүй гутал юуны өмнө чухал. Гутлынхаа уланд хийх хадаас бэлтгээгүй бол цас, мөстэй үед ууланд явах дэмий. Малгай, бээлий, таяг, үүргэвч гэх мэт зүйлүүд хэрэгтэй. Ууланд явахад гоёх хэрэггүй, яагаад гэвэл гоё хувцасыг хөлс муухай болгочихно. Уулан дээр гараад хөлөрсөн хувцасаа заавал солих шаардлагатайг бүү март.
Хоёр. Хоол хүнс. Хоол хүнс, ус ундаа ихийн хэрэггүй, ачааны нэмэр. Харин аяга бүлээн цай авч явахаа бүү март. Өвлийн цагт бол хүйтэн ус, ундаа ууж болохгүй.
Гурав. Хог. Ууланд хог хаяж болохгүй. Харин бусдын санамсаргүй хаясан хогийг түүж хийгээд авч явах уут авч явбал зүгээр. Мөн хэрэм, шувуу тэжээх боов, талхны үүрмэг авч явж болох юм.
Дөрөв. Харилцаа.  Ууланд яваа хүмүүс гудамжаар яваа хүмүүсийг бодвол ерөнхийдөө амар амгалан, сайхан ааштай байдаг. Танд хүмүүс тусална. Та ч бусдад тусална.
Та ууланд явахыг туршаад үз. Өглөө эрт босоод уулын оргил руу тэмүүл...
Ч.Жачин

                                                     Хүний амьдрал бол Уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.
 Ги де Моппассан




Ууланд гарсан хүмүүс өвлийн хүйтэнд ч биеэ цасаар угаадаг аж.


                 Ууланд аялагчид

Зүүн Ширээ

Өгсөж уруудах хүмүүс


     Тэрэгтэй балчир ч ууланд гарсан байна.


           Уулаас бууж ирэхэд Улаанбаатар утаатайгаа тосно...



Зул бадамлах (цэцэглэх) гэж энэ бөлгөө.

Зул бадамлах (цэцэглэх) гэж энэ бөлгөө.

Зул бадамлах (цэцэглэх) гэж энэ бөлгөө.

No comments:

Post a Comment