tolgoi

Saturday, December 19, 2015

Хүн нь бүл, хүн бус нь нөөц

human resource” гэсэн англи үгийг “Хүний нөөц” гэж орчуулан хэрэглээд хэдэн жил болов. Бас махны нөөц бэлтгэдэг болсоор цөөнгүй жил өнгөрөв. Ийм болохоор “хүний нөөц”, “махны нөөц” хэмээх хоёр үг нөөцлөх гэсэн нэг утгаараа монгол үгийн санд өөрийн байр сууриа хэдийнээ эзлээд авчээ.
Гэтэл хүн, мах хоёрыг адилхан нөөцлөөд байж боломгүй санагдах юм.

Мах, сүү, гурил, будаа, ногоо цагаа, өвс гээд аль л хэрэгтэй бүхнээ хүн, амьтан хожим хэрэглэхийн тул хурааж нөөцөлдөг билээ. (Нөөцөлсөн махыг үүц гэнэ. Нөөцөлсөн өвсийг хөеө гэнэ.)
Харин амьтай голтой хүнийг хэн нэгэн хожим хэрэглэхээр ийнхүү нөөцлөх боломжгүй. Учир нь хүн гэдэг наад зах нь амьд амьтан биз дээ. Ийм болохоор “хүний нөөц” хэмээн ярьж бичих нь туйлын оновчгүй бөгөөд ёс бус байна. Нэг үгээр хэлбэл, “Боловсон хүчин” гэдэг үгийг халж “хүний нөөц” гэдэг үг авсан нь үнэндээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ. human resource” гэдэг англи үгийг “хүн бүл” хэмээн орчуулан хэрэглэхэд ядаж наад зах нь утга нь оновчтой болох мэт. Өөр оновчтой үг байхыг үгүйсгэхгүй.
Монголчууд нэг айл гэрийн бүх хүнийг “ам бүл”, “гэр бүл” гэдэг бол ажил хийх чадвартайгий нь “хүн бүл” гэдэг. Тэгээд ч “Хүн бүлтэй” , “Хүн  бүлгүй” гэх зэргээр ярилцаж ойлголцдог билээ. Ийм болохоор аль нэг байгууллагад ажиллаж байгаа бүх хүн тэр байгууллагын “Хүн бүл” болно. Үүнээс үндэслэн ямар нэг байгууллагад ажиллаж байгаа болон ажиллах хүмүүсийг “хүн бүл” хэмээн нэрлэх бүрэн боломжтой тул “хүний нөөц” гэдэг нэр томьёог “хүн бүл” гэдэг үгээр сольё гэсэн санал дэвшүүлж байна.  
Ч.Жачин

No comments:

Post a Comment