tolgoi

Saturday, December 19, 2015

Ууланд явах урамтай


Ууланд явахад бие, сэтгэл чармайна.
Уншиж судлахад ухаан бодол чармайна.

Хотын утаа, ханиад шуухинаа гэж дэмий ярихын оронд хажууд налайж байгаа Хан ууландаа долоо хоногт нэг удаа ч болов аялан явж чээжнийхээ утааг “хөөлж” байвал нэн тустайг өгүүлсэн юун.

Жилийн ой, насны ой хоёр

     1970 онд  Архангай аймгийн нэг малчин өвгөн албаны нэг хүнийг элдэв юм асуугаад байхаар нь сонин гэвэл үхсэн оросын зуун жил , үгүйрч хоосорсны арван жил гээд мань мэт нь ядарсан дээрээ ядарч, зовсон дээрээ зовж байна гэсэн гэдэг. Үхсэн оросын зуун жил гэдэг нь Лениний мэндэлсний зуун  жилийн ой, үгүйрч хоосорсны арван жил гэдэг нь нэгдэлжих хөдөлгөөн ялсны  арван жилийн ой юм.     Нэгэнт нас барсан хүн, эсвэл юм үзэгдлийн тэмдэглэлт ойг насны ой гэхгүй, жилийн ой гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл амьд мэнд байгаа ахмад буурлын насны ойг тэмдэглэхдээ  жилийн ой гэх нь муу ёрлосон хэрэг  болно. Иймд насны ой, жилийн ой хоёрыг  ялгаж хэрэглэх нь  зайлшгүй юм.   

Хүн нь бүл, хүн бус нь нөөц

human resource” гэсэн англи үгийг “Хүний нөөц” гэж орчуулан хэрэглээд хэдэн жил болов. Бас махны нөөц бэлтгэдэг болсоор цөөнгүй жил өнгөрөв. Ийм болохоор “хүний нөөц”, “махны нөөц” хэмээх хоёр үг нөөцлөх гэсэн нэг утгаараа монгол үгийн санд өөрийн байр сууриа хэдийнээ эзлээд авчээ.
Гэтэл хүн, мах хоёрыг адилхан нөөцлөөд байж боломгүй санагдах юм.

Монгол үсгээр бичсэн эхийг шинэ монгол үсэгт буулгах асуудалд

(Д.Нацагдоржийн зохиолын жишээгээр)

Ч.Жачин “Гурван – Эрдэнэ” БДС

Түлхүүр үг: Монгол үсэг, шинэ үсэг, монгол
                     үсгээс шинэ үсэгт буулгах, гар
                     бичмэл, хуулбар эх, хэвлэмэл эх
                     бичгийн найруулга, ярианы найруулга
Монгол үсгээр зохиогчийн бичсэн гар бичмэл эх болон хуулбар, хэвлэмэл эхийг шинэ  үсэгт буулгаж нийтлэх ажил сүүлийн дал гаруй жил хийгдэж багагүй туршлага хуримтлагдсан боловч зөв бурууг ялган үзмээр цөөн асуудал байна. Тухайлбал, Дашдоржийн Нацагдоржийн зохиолыг монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа “Зохиолчийн хуучин монгол үсгээр бичсэн “буй”, “ажээ”, “ажгуу”, “байжухуй”, “байнам”, “амой” гэх мэтийн үгнүүдийг ихэвчлэн “байна” гэж шинэ үсгээр буулгасан нь тохирох газар байвч бас тохирохгүй газар аль олонтаа тааралдаж байна. Үүний нэгэн адилаар “атал” гэдгийг дандаа л –“байтал” гэж “хэмээгч” гэснийг “гэгч”, “авч” гэснийг “боловч”, “бүлгээ” гэснийг “билээ” болгон шинэ үсгээр буулгаад байх ууГэтэл хуучин үсгээр ч тэр, шинэ үсгээр ч тэр, “буй”, “ажээ”, “ажгуу”, “амой” гэх мэтийн үгсийн зэрэгцээгээр “байна” гэдэг үгийг бас бичиж болдог. Энэ нь “гэгч”, “боловч”, “билээ” гэсэн үгийн хувьд ч ялгалгүй хамаарна. Ийм болохоор зохиогч дандаа л “байна”, “билээ” гэдэг хоёрхон үг хэрэглэхийн оронд өөр бусад үгнүүд сонгож авсныг ч шинэ үсгээр буулгахдаа хадгалан үлдээх нь зүйтэй юм.